My Colorful World

Шал дэмий…

Posted by: mulanka on: November 11, 2008

Энд нэг юм бичмээр санагдаад болдоггүй. Заавал бичих ёстой ч юм шиг…тэгсэн мөртлөө юу бичихээ мэддэггүй. Түрүү долоо хоногт Be..,-д бүртгүүлсэнээ бичьюу гэсэн чинь зураг оруулмаар санагдаад, даанч зураг байхгүй. Өчигдрөөс ТИС-н хаалга 8 цагт барьж эхэлсэн тухай бичих гэсэн чинь нэг л сонирхолгүй. За за дараа л гоё юм бичихээс…

Эмнэлгээр зорчсон тэмдэглэл…

Posted by: mulanka on: October 27, 2008

Хөөрхий Муланка хамгийн сүүлд бичлэг бичсэнээс хойш блог маань өлөн тоосонд дарагдчихаж. Муланка охин сургууль гэр 2-ын хооронд гүйсээр байгаад хагас мэдрэлтэй юм шиг болчихсон. Тэрнээс болсон уу яасан бие өвдөөд өнөө өглөө эмнэлэг явлаа. Ер нь бол би энэ жил их өвчин эргүүлээд байгаа шинжтэй. Аль зунаас хойш том жижгээр гэмтээд байсан. Бүр 9 сарын дундуун нүдэн дээр /үнэндээ бол нүдэн дор/ нэг өвдөг гарсан байхгүй юу. Тэгсэн чинь тэр нь эдгэхгүй байсаар байгаад өнөөдрийг хүргэцэн. Уул нь би оролдож маяглаагүй бол аль хэдийн эдгэчих байсан байх л даа. Даанч би нүдээ будаж байгаа нь энэ гээд 9 жорын юм хүргэчихсэн чинь үрэвсээд хорсоод, загатнаад хачин юм болчихсон. Тэгэхээр нь гоё явж байснаас эрүүл явж байсан нь дээр юм байна гээд нүдээ будахаа больчихсон чинь ашгүй жоохон эдгэж байгаа. Тэр бас болоогүй. Хэд хоногийн өмнө найз залуугийнхаа ажил дээр хоол аваачиж өгөх гээд очихгүй юу. Тэгсэн хамт ажилладаг эгч нь ажил дээрээ хоол хийчихсэн, тэрнээсээ “Миний дүү шөлнөөс амс, болсон идээнээс буцдаггүй юм” гээд нэг аяганд шөл аягалаад өглөө. Аваад амсдагийнхаа даваан дээр аяганых нь амсар дээрх халтрыг харчихаад жоохон сэжиглэчихсэн чинь байхгүй, маргааш нь яг уруулны баруун талд хомхой долоочихсон. Элдэв янзын тос түрхээд ч нэмэргүй, аймаар үрэвсээд болохгүй болохоор нь төмөр халбага халааж байгаад хайрчихсан чинь арай дээрдсэн. За энэ мэтийн жижиг сажиг юм ч яахав гэсэн сүүлийн үед бие нэг л бишээ. Бөөр нуруу өвдөөд ч байх шиг. Тоохгүй яваад байя гэхээр над шиг янгууч амьтан тэсдэг юм биш. Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлэхээр очив. Хүн амьтан сайн гээд магтаад байхаар нь Багшийн дээдийн цаахна байдаг Ёнсэй найрамдал эмнэлэгт яваад очлоо. Эмч ах эгчтэйн ачаар эмнэлэг гэдэг газрыг худалч хүнд нэрнээс цаашгүй мэддэг болохоор хаалгаар нь ороод эмнэлгийн үнэр аваад цочих ч шиг. Угаасаа би эмнэлгээс бага гэлтгүй айдаг хүн. Тэр их айдас маань миний чихрэнд дурласан үнэнч сэтгэлээс эхтэй. Намайг бүүр жаахан байхад аав бид 2 ээжээс нуугдан их булагнадаг байж билээ. Би өдөр болгон нэг 1 нүд шоколад, 1 голио чихэрний нормтой. Арай том болоод ээж аавын өгсөн 10-50 төгрөгөөр бүгдээр нь чихэр авч идсээр байгаад эцэст нь 9 настайдаа шүдээ хорхойтуулчихсан.  Лав л нэг удаа ааруул идэх гээд хойд араагаараа хазсан чинь аймшигтай янгинан өвдөж би тэсэлгүй уйлсан юмдаг. Ээж миний амыг ангайлгаж үзсэнээ “Ээ чааваас. Баруун талын 1 дээд араа чинь томоо хорхойтчихож” гэж билээ. Шүдэнд хорхой байдаг гэж зүүдлээ ч үгүй явсан би аман дотор маань том хар хорхой явж байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй дотор муухай оргин, айдас хүрч ээжээсээ бушуухан эмчид очиж хорхойгоо авахуулахыг гуйсан. Ээж ч маргааш нь намайг эмчид дагуулж очсон. Эмчийн өрөөнд оронгуутаа л би тийм гэхийн тэмдэггүй айдас мэдэрч үзлэгийн орон дээр амаа ангайн суухдаа одоо юу намайг өвтгөх бол гэж маш их айж билээ. Эмч нэг хүйтэн төмрөөр миний шүд буйлны энд тэнд дарж үзээд “Авахгүй бол болохгүй нь” гэсэн. Тэгээд нэг тариуранд мэдээ алдуулагч тариа хийж над руу ойртоход би үхтлээ айсандаа хөдөлж ч чадалгүй байсаар буйл руу нэг юм хатгаж өвтгөхийг мэдэрсэн юм. Хэдийгээр мэдээ алдуулагч тариа хийсэн ч би яг шүдээ авхуулахдаа маш их өвдөж байсан даа. Тэгээд л тэрнээс хойш хатуу чихэрнээс үхтлээ айдаг болж хүн надад чихэр өгөнгүүт нөгөө шүдний эмнэлэг, өрөөнөөс үнэртэж байсан эм тарианы үнэр үнэртэх шиг болж би нэг хэсэгтээ ч чихэр идэхээс айдаг болсон. Гэсэн ч үнэнч дурлалыг ямар ч өвчин, ямар ч айдас зогсоож дийлээгүйгээр барахгүй би тэрнээс хойш хэд хэдэн шүдээ чихэрнээс өгөөд авсан даа.

Өглөө эрт болоод ч тэрүү эмнэлэгт пиг хүн. Огт мэдэхгүй эмнэлэг болохоор тэр хавиар явж жаахан танилцаад кассан дээр нь очероо бичүүлж аваад эмчийн өрөөний үүдэнд суув. Бөөрний тасгийн үүдэнд дандаа охид эмэгтэйчүүд. Дороосоо даарсан л гэнэ, машинд сэгсрүүлсээр байгаад бөөр нь доргисон л гэнэ. Гэхдээ ихэнх нь нимгэн таваргаж яваад бөөрөө өвтгөсөн хүмүүс байдаг юм байна. Би ч тэдний нэг, аль 2 настайдаа хариуцлагагүй цэцэрлэгийн багшаас болж доороосоо дааран эрүүл мэндээрээ хохирсон хүн. Уул нь 2 жилийн өмнө гайгүй эмчилгээ хийлгэсэн боловч ойрдоо ядаргаанд ороод бөөр өвдсөн нь тэр. Өрөөний үүдэнд очерлож суугаад хүмүүсийг харлаа. Цаад буланд нь хүүхдийн тасаг байдаг бололтой. Жоохон хүүхдийн уйлж орилох дуу тасрахгүй. Үүдэнд нь суугаа жаалууд удаан хүлээсэндээ тэвчээр алдаж аав ээжийгээ уурлуулан сахилгагүйтнэ. Нэг жоохон охин бүр настай эмээгээ сөхөрч унагах дөхөн хүн хүний хормой доогуур шурган юбкатай хүүхнүүдийг орилуулж байснаа арай гэж санаа нь амрав бололтой эмээгийнхээ өвөр дээр суув. Тэнд байгаа жоохон маамуунууд хүүхдийн эмчийн өрөөнөөс жоохон хүүхэд орилж уйлах болгонд нүдээ том болгож ирээд уйлна. Тэгснээ дорхноо мартчихсан инээнэ. Эмчийн өрөөнөөс нүдэндээ нулимстай хүүхэд гарч ирэх болгонд нүдэнд нь айдас тодроно. Ээлжээ хүлээж суусан хүүхдүүд өрөөний хаалгаар шагайж амжаагүй байхдаа л хэдэн дусал нулимс дуслуулаад авна. Насанд хүрсэн том хүмүүс ч ялгаагүй, өөрийнх нь ээлж ирэнгүүт нэг л айдастай царай гаргана дорой дуугаар “Орох уу эмчээ” гэсээр хаалгаа хаана. Яагаад ч юм хүмүүс эмч, цагдаа, багш 3с нилээдгүй айдаг байх. Тэр дундаа эмч бол бүр аймаар, яагаад гэвэл өвдөнө гэдэг, өвчин гэдэг өөрөө айдас болохоор тэр. За за аймаар философидож орхилоо. Миний ээлж боллоо. Өрөөнийх нь хаалгыг татахдаа зүрх түг түг цохилж байна. Орлоо, нэрээ хэллээ. Сайхан зантай эмч “За ямар зовиур байна миний охин” гэж байна. Айдас жоохон намдаад “2 бөөр татаад байх юм” гэж ирээд зовлон тоочлоо. Эмч толгой дохин сонсож байснаа үзлэг хийв. Тэгээд маргааш өглөө эрт өлөн шээсээ аваад ир гэлээ. Яагаад ч юм энд тэнд хатгаж өвтгөх байх гэж айж байсан би эмчийн өрөөнөөс инээд алдан гарч ирлээ.

Айдас…

Posted by: mulanka on: October 3, 2008

Өнөөдөр ганцхан пар хичээлтэй байлаа. Салбарын менежмент. Багш нь “Салбарын менежмент” гэдэг хичээл нь зөвхөн тооцоо хийгээд, энд тэндэхийн үйлдвэр судлахдаа биш бас хүнтэй яаж харьцах талаар заадаг. Ер нь амьдрана гэдэг бол тэр чигээрээ менежмент юм шүү дээ гэж ирээд ярина. Бусад хичээлийн дэвтэр гэж ар өвөргүй баахан сараачсан лекц байдаг, энэ хичээлийн дэвтэр хоосон шахуу. Ганц 2 хуудсан дээр “Цалингийн тооцоо”, “Дипломын ажлын эдийн засгийн хэсэг” гэх мэт өгүүлбэрүүд үзэгдэнэ….Уул нь ийм юм бичих гээгүй юм л даа. Найз залуугийнхаа тухай, түүнтэйгээ яаж танилцсан, өдийг хүртэл юу юу болсон гэх зэргээ бичих гээд нет орж ирсийн. Тэгээд энд тэндийн сайтуудаар хэсч яваад гэв гэнэт эмнэлэг ормоор санагдчихлаа…Нэг л айдас хүрээд болдоггүй. Явлаа…

Багш нарын ярьсан онигоонууд…

Posted by: mulanka on: October 1, 2008

Пээ түрүүний бичлэгээ харсан чинь айх ч шиг, гайхах ч шиг. Үнэндээ тэр өдөр сэтгэлээр маш их уначихсан байсан. Бүх юм бүтэлгүйтээд, бүх асуудлаа би ганцаараа шийдэхээс өөр замгүй болоод, хэн ч надад туслаагүй…би аймаар гомдсон….иииииииййййййййййй…гээл үү,хих. За тэр ч яахав, юу бичдэг юм билээ гэж бодож байгаад багш нарынхаа ярьсан онигоо ч гэх юм уу хөгжилтэй явдал ч гэх юм уу зүйлсийг цуглуулж бичихээр шийдлээ.

1. Манай мэргэжлийн хичээлийн багш Цэцэгмаа гэж дөнгөж 50 гарч яваа хүн бий. Нэг зуны өдөр зуслангийнхаа байшинд амарч байсан чинь хашаанд нь үхэр ороод байна гэнэ. Тэр хэдэн үхэрнүүдийг тууж гаргасан чинь эзэн нь бололтой нэг халамцуу өвгөн ирээд мал үргээлээ энэ тэр гэж хэрүүл хийж л дээ. Манай багш ч мөчөөгөө өгөлгүй мэтгэлцэж байтал нөгөө өвгөн нь “Чамайг би улаан цэрэгтэй самуурч явсаныг чинь мэдэх юм байна шүү. Аятайхан байхгүй бол энүүгээр нэг тарааж орхино шүү” гэсэн гэнэ. Манай багш дөнгөж 50 гарч яваа шүү дээ….

2. Бизнес системийн багш Чинзориг нэг удаа хэдэн оросуудтай хамт ажиллаж байжээ. Нөгөө оросууд нь “Танай монголчууд ёстой тэнэг хүмүүс” гэдэг гэнэ. “Яагаад тэр билээ?” гэж асуусан чинь “Танай монголчууд авдараа модоор хийдэг мөртлөө цоожийг нь төмрөөр хийдэг” гэж гэнэ. Тэгснээ “Танай хулгайч нар бүр тэнэг” гэжээ. Учрийг нь асуусан чинь “Модон авдрын биеийг нь эвдээд юмаа авахын оронд цоожтой нь ноцолдоод суугаад байдаг хүмүүс” гэсэн гэнэ ээ.

3.ЦТҮ-н багш Чүлтэмдагва:

“Дээхэн үед үргэлж “Мөн гайхамшигтайяа” гэж хэлдэг нэг багш байж гэнэ. Нэгэн удаа гадаа маш их бороо орж энд тэндгүй шалбааг тогтсон үед нөгөө багш хичээлдээ ирэх замдаа машин нь шаварт сууж өөрөө шалбааг туулж алхсаар хамаг хувцас нь норчихсон, гутал нь нил шавар болчихсон хичээлдээ ирж гэнэ. Оюутнууд нь нөгөө багшийг ийм үед нөгөө үгээ яаж хэрэглэхийг нь харъя гээд амыг нь хараад байжээ. Тэгтэл нөгөө багш “Ийм муухай өдрүүд үргэлж байдаггүй нь мөн гайхамшигтайяа” гэж гэнэ.”

Хоосон…

Posted by: mulanka on: September 29, 2008

Бүх юм хоосон…миний доторх, гаднах…ер нь би өөрөө ч хоосон…Учиргүй гүн ухаан ярих гээгүй л дээ. Гэхдээ л надад яг одоо…ер нь л сүүлийн хэд хоног…үгүй ээ бүр сүүлийн хэдэн сар тэгж санагдаад байх шиг. Юунаас болоод байгаа юм бүү мэд, блог дээрээ юм бичих хүсэл төрөхгүй, найзуудтайгаа уулзах сонирхол ч үгүй, нетээр тэнэж элдэв юм татах дур ч хөдлөхгүй юм. Үнэндээ одоо байгаа энэ бүхнээсээ залхаж байгаа бололтой. Намайг ойлгодоггүй, тэгэхийг ч хүсдэггүй, өөрийн бодлоо тулгаж, дээр нь тэнэг юм шиг таарсан болгонтой хардах утгагүй найз залуу, хамтран ажиллаад өөр өөрсдийн үүргээ гүйцэтгэхийн оронд надаар бүх зүйлсээ хийлгэх гээд биеийн амрыг хараад сууж байдаг юу ч чадахгүй ангийн охид, хэрэгтэй хэрэггүй нь үл мэдэгдэх утга нь ойлгогдохгүй олон лекцүүд, орой ядраад гэр орондоо ирэхэд хүний урманд ганц аяга ч угаачихгүй арчаагүй дүү нар…. бүгдийг нь, өөр бусад бүх юмаа, хор нь асгарчихсан принтер, вирустээд гацчихсан 7 жилийн настай ямбий компьютер, эргэн тойрны бүх юмаа түй гэж нулимаад чөтгөр лүү нь тонилгох юм сан. Энэ бүхнийг зохицуулчихаж ч чадахгүй, амиа ч аваад явчихаж чадахгүй, бүгдэд түүртсэн өөрийгөө ч гэсэн зайлуулах юмсан. Хэрвээ энэ бүхэн байгаагүй бол, хэрвээ юу ч байгаагүй бол, хэрвээ би гэдэг нүглээр дүүрсэн өөдгүй дээлний гол энэ ертөнцөд огтхон ч төрөөгүй байсан бол одоо бүх юм энэнээс арай дээр байх байсан болов уу??? Энэ бүгдэд хичнээн их гутарлаа ч уйлах хүсэл алга. Өнгөрсөн хугацаанд өмнө нь хэзээ ч хэнд ч гомдож байгаагүйгээр их гомдож, үлдсэн бүх амьдралдаа хүрэлцэхээр их уйлсан. Урсгасан нулимсийг минь арчиж өгөх хүн үгүй болохоор сэтгэл минь нулимсандаа түлэгдэж, надад одоо ямар ч гэрэл гэгээ, сэтгэлийн тэнхээ, хүч чадал үгүй болсон мэт санагдана. Сэтгэлд минь үүрлэсэн нэгэн айдас, өглөө, өдөр, бүр шөнө унтахаар хэвтэхэд хүртэл салахгүй байгаа тэр нэгэн бодол намайг галзууруулах дөхнө. Түүнээс болж би айна, тэгээд төсөөлнө, хэрвээ энэ жихүүн мөртлөө сайхан ч юм шиг, эсвэл бүр би гэдэг хувь хүнийг юу ч үгүй болгох тэр нэгэн террорист үйл явдал тохиолдвол би яах вэ гэж…Би гэдэг хүн үгүй болох байх, тэгээд энэ дэлхий дээр үй түмээрээ байгаа нийгэм гэдэг хашаан дундах хэзээ заазлагдахаа мэдэхгүй эргүүтсэн хонинуудын нэг болох байх даа. Надад одоо ч гэсэн би гэдэг хүн аль хэдийн үгүй болсон мэт санагдана. Муланка гэдэг охин ааааль хэдийн энэ дэлхийгээс яваад өгсөн, харин оронд нь хэн ч биш, бүр юу ч биш нэгэн сүг үлдсэн мэт. Муланка байхад бүх юм амар тайван, энгийн бас хялбар, эргэн тойрны бүх юм гэрэл гэгээтэй, бас хөгжилтэй байж. Тэр охин ганцаараа, гэхдээ үүндээ гутардаггүй /хааяа л…хих/ түүнд асуудал байдаггүй байсан. Харин түүнээс үлдсэн сүүдэрт бүх юм хэцүү, бас хар бараан, тэр баяр баясгалан, аз жаргал гэж мэдэрдэггүй, зөвхөн гуниг гутрал гэж л мэддэг, тэр ганцаараа биш, гэхдээ бүх зүйл асуудалтай мэт санагдана. Энэ бүхнийг үгүй хийгээд, бүгдийг нулимаад буцаад тэр охиныг авчрах юмсан. Бас түүний аз жаргалтай ганцаардмал амьдралыг….

Өнөөдөр хэдэн бэ?

November 2009
M T W T F S S
« Mar    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 17,983 hits

Хамгийн их үзсэн...

  • None