20000
Posted by: mulanka on: January 27, 2009
Урт байна гээд залхалгүй заавал дуустал нь уншаад өөрийн бодлоо хэлээрэй за. Над шиг азгүй хүнд тохиолддоггүй том азын тухай.
Миний түрийвч аль түрүү хавар урагдцан. Тэгээд би найз залуугаасаа надад түрийвч аваад өгөөч гэж өчнөөн гуйсан чинь ерөөсөө авч өгөхгүй байсаар байгаад он гаргацан. Уул нь би өөрөө мөнгөтэй байсан бол ингэж гуйлга гуйж гутлынхаа хоншоорыг долоохгүй л дээ, даанч оюутан хүнд чинь мөнгө гэдэг эд олдохгүй юмны нэг юм байна шд. Тэгээд л би арга ядаад өчигдөр дүүгээсээ хуучин түрийвч байвал өгөөч гээд гуйсан байхгүй юу. Тэгээд манай дүү надад нэг уранхай /бас л уранхай, гэхдээ тэр нь мэдэгддэггүй/ түрийвчээ өгөөд би тэрийг нь үзсэн ч юмгүй цүнх рүүгээ аваад шидцийн. Өнөө өглөө сургууль явах гээд цүнхээ нээгээд гэнэт түрийвчтэй болсноо санаад хэдэн нэрийн хуудас, үнэмлэх, картнуудаа энд тэнд нь хийв ээ.
:ОДОО ХАМГИЙН ГОЁ ХЭСЭГ НЬ:
Тэгсэн чинь…тэгсэн чинь…тэгсэн чинь яасан гээ???? Нэг хавтсанд нь нугалчихсан 20000 төгрөг байсан!!!!!!!!!!! Би эхлээд лаг сонин шоконд ороод… Дараа нь баярлаад… тэгээд айсан. Тэр лаг дэвсгэртийг нь сургалтын төлбөрөө тушаахдаа л хэдэн удаа барьж байсан….гэх нь ч юу ийн. Гэхдээ л би ер нь бол нэг их мөнгөтэй болоод байдаггүй, дээр нь тийм их мөнгө надад хэзээ ч зүгээр орж ирж байгаагүй болохоор ёстой сонин болчихсон. Би ер нь мөнгө төгрөг, мөнгө төгрөг ч гэхгүй ерөөсөө л юм олоод байдаггүй, тэр тал дээр ёстой азгүйчүүдийн нэг. Дээд тал нь нэг л удаа Багшийн дээд дээр явж байгаад нэг охин таксинаас буухдаа мөнгө унагахаар нь аваад үзсэн чинь 550 төгрөг байсан. Тэгээд л гүйцээ. Бусад үед бол мөнгөтэй болох юмсан гээд л мөрөөдөөд явж байдаг, тэгээд хааяадаа л нэг 2,3 жилдээ нэг удаа ч юм уу ганц 2 ширхэг 100-тын дэвсгэрт олдог. Тийм болохоор нэг дор 5 биш, 10 биш, бүр 20000 төгрөг олохоор сэхээнд хэвтэж нашатыр үнэрлэхээс наагуур юм болж байгаа юм чинь. Ер нь хоосон хүнийг гэнэт баяжуулахаар тэр хүн нь солиордог юм гэнэ лээ. Гэнэт олдсон алт гэдсэн цөвтэй гэж тэрийг хэлдэг юм байлгүй.
Сэхээ ороод жаахан бодлоо. Миний зүүн мөрөн дээр сууж явдаг “Шунал” нэрт чөтгөр “Наадахаа ав. Тэртэй тэргүй дүү чинь хоосон гэж бодоод л хуучин түрийвчээ өгсөн. Юу боллоо гэж ийм их мөнгөө хуучин түрийвчиндээ хийгээд мартчихсан байдаг юм.” гэж байна. Тэгсэн баруун мөрөн дээр сууж байдаг “Хүн чанар” нэртэй бурхан “Юу гэсэн үг юм. 13хан настай дүүгийн чинь мөнгө. Наадахаар чинь юу ч авах байсан юм билээ. Аягүй бол гэрийнхээ гал тогоог хариуцдаг юм чинь наад мөнгөөр чинь гэртээ хоол авах байсан ч юм билүү” гэж байна. Би ч ухасхийн босч утсаа шүүрч авах гэснээ зогтусав. “Шунал” маань “Чи чинь яасан тэнэг хог вэ??? Өмнө нь бас яалаа, номны завсар хавчуулсан 5000 төгрөгөө мэдэлгүй ах чинь номыг чинь өгөхөд чи нээж үзээд тэр мөнгийг нь өгчихсөн. Ах чинь өөрөө ч мэдээгүй байсан биз дээ. Гудамжинд явж байсан хүүхэн түрийвчээ унагахад араас нь дуудаж байгаад бүр хойноос нь гүйцэж очоод түрийвчийг нь өгсөн. Тэрэн дотор нь 150 мянган төгрөг байсан шд. Тийм том шар тосыг хэлээрээ түлхсэндээ чи бид 2 дараа нь харамсаад бараагүй биз дээ. Чи бод, наад мөнгөөрөө юу юу авч болно гээч. Бүтэн сар хоолны мөнгөнөөсөө хасан байж цуглуулж Аптаун авах мөнгө. Цаана нь үлдсэн мөнгөөр нь өөртөө хичнээн юм авч болно гээ. Ядаж л наад эмтэрсэн шүдээ эмнэлэгт үзүүлж эм авах мөнгө шд.” гэж байна. Би өөдөөс нь “Тэгээд дүү гэнэт санаад надаас энэ мөнгөө нэхвэл би яах юм” гэсэн чинь харин “Тас мэлзэхгүй юу, тийм юм байгаагүй гээд. Ер нь тэгээд тийм юм гэж юу байсан юм. Ямар нь хуучин түрийвчиндээ хорин мянгат хийчээд байж байдаг юм” гэлээ. Тэгсэн чинь хажуунаас “Хүн чанар” гуай “Муланка минь, чи яаж наадахынхаа үгэнд орж чадаж байна аа. Чиний 13хан настай дүү шд ээ. Дүү чинь одоо хайгаад сүйд болж байвал яана. Хичнээн чухал юм авах ч байсан юм билээ. Аав ээж 2 нь нойр хоолоо хасан байж олсон мөнгийг чи ингээд зүгээр үрэх хэрэг үү?? Бушуухан утаст” гэв. Гэтэл гэнэт “Шунал” гуайгийн ааш нь зөөлөрч “За за нээрээ тийм ч юм билүү, үгүй ч юм билүү. Чи ер нь наад мөнгөө хэд хоног түрийвчиндээ хийгээд явж бай. Юмыг яаж мэдэхэв, дүү чинь санахгүй бол тэгж байгаад л үрнэ биз. Чамд үргэлж ийм их мөнгө өөрөө гүйгээд ороод ирэхгүй шүү. Дандаа сайхан сэтгэл гаргаад өөрөө хоосон үлдэж байгаа амьтан чамаас өөр хэн байна” гэх нь тэр. Би нь яахав дээ, үгэнд нь ороод түрийвчиндээ нөгөө мөнгийг нь хийж орхисон. Хэрэв дүү утасдаад нэхвэл өгнө, нэхэхгүй бол тэр чигээрээ минийх гэж бодоод л. Харин “Хүн чанар” гуай санаа алдаж толгойгоо сэгсрээд баруун мөрөн дээр буцаад суучихсан.
Ингээд энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй өөртөө нуугаад гэрээсээ гарав аа. Үргэлж шахуу хоосон байдаг түрийвч маань их л хүнд оргиод бушуухан гэртээ ороод дүү рүүгээ утасдмаар ч юм шиг санагдаад нэг л явж өгдөггүй. Эцэст нь шунал маань дийлж автобусны буудал орлоо. Автобусанд суулаа. Өмнө нь бол “Ухаад ухаад авах юм байхгүй юм чинь” гээд бараг л онгорхой орхиод автобус руу гүйдэг байсан хүн чинь энэ удаа цүнхээ тас тэврээд хүн хүн рүү хялалзан байж автобусанд суув. Кондукторт мөнгөө өгөх гэсэн биш бүр салгалаад хоёрын хооронд харамч хүүхнээрээ дуудуулж загнуулж орхилоо. “Гурван халтар зуут өгөх гэж юундаа татганаад байгаа юм. Суусан л бол төлнө биз дээ харамч хүүхэн гуай.” гээд кондуктор эгчийн ааштайг ээ.
Ингээд л сургуулийн хаалгаар ороод гарах хүртлээ цүнхээ тас тэвэрч явав. Хүн болгон цүнхэнд гар хүрэх гээд байгаа ч юм шиг ямар ч зовлонтой юм бэ дээ. Алдах юмгүй хүн л юуг ч харамладаггүй гэдэг үг дэндүү үнэнийг яана аа.
Сургуулиас гараад товлосон үзлэгтээ орохоор эмнэлэг зорилоо. Эмч намайг үзэж байснаа “Миний охин ер нь ЭХО-д харуулж зургаа авхуулчихаад ир. Тэгээд тогтсон эмчилгээ бичиж өгье” гэлээ. Би кассан дээр нь очоод “ЭХО” гэж хэлээд бичүүлсэн хойноо үнийг нь асуусан чинь өөдөөс 10000 төгрөг гэдэг байгаа. Нэгэнт бичүүлчихсэн хойно төлөхөөс өөр арга байсангүй, өнөө 20000-г өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй.
Одоо яая гэхэв, эрүүл мэнд гэдэг дэндүү үнэтэй хойно. Харин дүүг асуувал юу гэж хэлнэ ээ гэж бодсоор би гэртээ харилаа.
January 27, 2009 at 8:02 pm
Дүү юу хэлэхэв дээ. Ямар шар айрагдчихсан биш. Эрүүл мэндээ хамгаалсан юм хойно.