Posted by: mulanka on: March 21, 2007
Бүтэн сайны орой энэ киног үзэв. Азийн шилдэг кино гэж хэн хүнгүй рекламдаад байсан болохоор нь үзэхээр шийдэн идэх уух юмаа бэлдэж аваад буйдан дээрээ тухаллаа. Уул нь Тэнгист бас гарч байгаа л даа, гэхдээ хятад хэл дээр хийсэн учраас киногоо үзэхээс илүү сонин шулганасан хэлийг нь дооглосоор байгаад таарна гэдгээ мэдэж байсан болохоор телевизээ манахаар шийдсэн хэрэг. Манайхны овоо онож “Алтан сарнайн хараал” юм уу “Алтан удвал цэцгийн хорсол” гэж орчуулаад байгаа энэ киноны нэрийг махчилан орчуулбал “Алтан цэцгийн хараал” гэх бөгөөд энэ киног С1-ийн Анхаа “Алтанцэцэг гэдэг хүүхэн хараал хийчихсэн юм гэнэ лээ” гэж хэлж байсан нь санаанаас гардаггүй юм. Бодохоор л инээд хүрдэг. Тэр нээрээ алиа залуу шүү. Нээрээ ч үзээд байсан нэг хүүхэн л хамаг юм хутгаад хаячихдаг юм байна лээ шд. Тэр хүүхэнд Алтанцэцэг гэдэг нэр өгвөл таарна. За тэр яахав.Яг тэр өдөр ТВ9 дээр “Удирдагч” гээд монгол кино гарч байсан болохоор тэрийг үзэж инээж байгаад энэ киноны эхлэл, нөгөө л хятад кинонуудад байдаг дан-дан гэсэн сүртэй аяыг нь сонсож амжсангүй. Ямартай ч гол дүрд нь Чо Юн Фат, Гон Ли 2 тоглосон юм байна. Нээрээ хүмүүс нөгөө “Гейшагийн дурсамж” гэдэг кинонд тоглосон Zhang Ziyi (уншихад хэл эвлэж өгөхгүй байгаа тул монголоор бичиж чадсангүй)-г энэ кинонд нэрээ солиод тоглочихсон л гээд байсан үгүй л байх шиг байсан даа. Энэ кинонд тоглосон хүүхэн нь арай хөгшин, бас жоохон эрүү нүүрний гажигтай юм байна лээ. Өө ингээд л хадуураад байх юм, за за straight to movie…
Киноны ерөнхий үйл явдал нь Х зууны үед юм уу даа хятадын хааны ордонд удвал цэцгийн баяр дөхөж байх үес өрнөнө. Хятад кинонд ямар өөр хааны ордон гаргах биш нөгөө л Хориотой хот!!! Эзэн хаан нь гэж овоо ухаалаг, чадалтай, бас хорон байрын эрхэм. Хатан нь гэж хүйтэн ихэмсэг харцтай, зэвүүн төрхтэй царайлаг хүүхэн. Хаан ердөө л 3 өөр хатны 3 хүүтэй. Уул нь хятадын эзэн хаадууд эмс хүүхнүүд, үр ач нараар дутдаггүйсэн. Хааны хатан хааны том хүүтэй далдуур учирдаг аж. Өөрөө бол дунд хүүгийнх нь ээж. Хөөрхий залуу юу ч мэдэхгүй нялх байхдаа манайхны хэлдгээр чихдүүлсэн бололтой. Харин ханхүү өөрөө хааны отчийн охинтой уулзалдана. Хааны хатан сүүлийн 10 жил нэг эм ууж байгаа бөгөөд өөрөө энэндээ дургүй, сүүлдээ бүр уухгүй ч байж үзсэн боловч хятад хана чихтэй, шал нүдтэй юм хойно хаан аль хэдийн тэрийг нь олоод мэдчихсэн байх юм. Тэгсээр сүүлдээ тэр эмэнд нь ухаан санаа самууруулдаг хольц хийх болжээ. Үүнийг нь хатанд хэлсэн хүн нь хааны эмчийн хатан. Тэр хүүхэн хааны том хүүгийн араас дагаж байгаад баригдаж хаан дээр очсоноор ерөнхий учир нь олдоодохов. Учир нь тэр хүүхэн хааныг хаан ор суухаас өмнө хаантай учирч байжээ. Гэхдээ хаанд том хүүг нь үлдээж. Хаан ч өөрөө зүгээргүй, хуйвалдаанаар хаан болсон нэгэн тул тэр хавьд байсан хамаг хүнийг замаасаа зайлуулж орхисонд нь хүүхний гэр бүл, өөрөө ч өртөж орхисон юм байж. Тэгээд нүүрэндээ боолын тамгатай арай гэж амьд үлдээд хааны оточтой гэрлэсэн гэнэ. Хаан анхны хүүхнээ амьд гэдгийг мэдэнгүүтээ отчоо нэг мужийн захирагчаар томилоод гэр бүлтэй нь хамт явуулж орхив. Хааны хатан удвал цэцгийн баярт зориулж хэмээн баахан алчууран дээр цэцэг хатгана. Тэгсэн тэр нь үзэн яддаг нөхрөө хаан ширээнээс зайлуулж өөрийн хүүгээ хаан ширээнд суулгах төлөвлөгөөний нэг хэсэг юм байжээ. Энэ тухай нь хүү нь сонсоод анхандаа дургүйцсэн боловч аав нь ээжид нь хор өгч байгаа тухай дуулаад аргагүй зөвшөөрнө. Тэд удвал цэцгийн баярын шөнө дайралтаа хийх гэнэ. Харин энэ тухай нь ханхүү отчийн охинтой уулзаж байгаад мэдээд авах нь тэр. Хааны хүү эцэгтээ энэ тухай дуулгахаар мордсон хойно баахан хар хувцастай хүмүүс отчийн гэрийнхнийг түйвээж орхив. Оточ өөрөө алагдаж эхнэр охин 2 нь хааны ордон руу зугтаана. Хааны хүү ордонд ороод хамгийн түрүүнд хааны хатантай уулзана. Тэгээд “Би бол хааны залгамжлагч. Тиймээс та үүнийг хийлээ ч бүгд намайг л гэж бодно шүү дээ” гэж хэлээд өөрийгөө алахыг оролдсон боловч амьд үлддэг. Харин аав нь шархтай байгаа хүүтэйгээ уулзах үедээ хатныгаа хүүг нь оролддогийг мэддэг гэдгээ хэлнэ. Хаан хатандаа хортой эм өгдөг нь хүүг нь хорлосны хариуг авч байгаа хэрэг юм байж. Ингээд удвал цэцгийн баяр ч болж хааныхан гэр бүлээрээ цуглаж байтал отчийн эмч охинтойгоо үхлүүт ордонд орж ирнэ. Хааны хатан ч түүнийг нь хааных нь анхны хүүхэн гэдгийг аль хэдийн мэддэг байсан тул бүгдийн нүүрэн дээр хэлж орхино. Төрсөн ахтайгаа учирдаг байснаа ойлгосон охин галзуурч, эх нь араас нь гүйж байгаад хоёул алуулдаг. Ингээд хааны дунд хүү хааны ордон руу өчнөөн цэрэгтэй дайрч, харин энэ үес хэнд ч анзаарагддаггүй байсан хааны бага хүү хаан ширээнд санаархан ханхүүг алж орхиод өөрөө эцэгтээ хороолгоно. Хааны хүү хэдий олон цэрэгтэй ирсэн ч ингэнэ гэдгийг нь мэдсэн эцэг нь хэд дахин олон цэрэг бэлдүүлээд бүгдийг нь хядуулж орхидог. Хаан сүүлд үлсэн хүмүүсийг нь хатны нүдэн дээр хороож, төрсөн хүүг нь ээждээ өдөр болгон эмийг нь өгч байхыг шаардсан боловч хүү нь амиа хорлосноор кино төгсөнө.
Миний хувьд энэ киноны утга санаа нилээн замбараагүй болсон санагдсан. Яг үнэндээ найруулагч, зохиолч нь энэ киногоор юу хэлэх гээд байгааг ерөөсөө ойлгоогүй. Үйл явдлууд нь хоорондоо авцалдаа муутай, ойлгомжгүй, хэт бүрхэг. Эсвэл би иймэрхүү гүн утгатай кино ойлгодоггүй ч юм уу. Хааны хатан хамгийн сүүлд уух ёстой эмээ цацаж орхисонд дусал нь хүрсэн газар юу ч үгүй түлэгдэж орхиод дуусдаг. Энүүгээрээ юу гэх гэсэн юм бүү мэд. Ерөнхийдөө хатан хаан 2 нэг л явцгүй, эцсийн эцэст хэн нь ч юунд ч хүрч чадаагүй, юу ч үгүй хоцордог. Магадгүй ямар нэгэн улсын мөхлийн харуулахыг ч зорьсон байж болох л юм.
За одоо магтах зүйлс. Хийц бол маш давгүй болсон. Эзэн хааны сүр хүч, тулааны урлаг зэрэг миний хувьд лав их сайн болсон санагдсан. Нөгөө Хонг Конг Америк 2-н хамтарч хийсэн “Хэвтээ барс, хүрхрэх луу” гээд кинон дээр тулаантай хэсгүүд нь шал хуурамч болчихсон байж билээ. Харин энэ кинон дээр их давгүй болсныг хэлэх хэрэгтэй. Монголыг монголчуудаас өөр хэн ч мэдэхгүй гэдэг шиг хятад амьдралыг хятадуудаас өөр хэн ч гаргаж чадахгүй нь үнэн. Гэхдээ миний сэтгэлд хамгийн их мөр үлдээсэн хэсэг нь аав хүү 2-ын цэргүүдийн тулааны хэсэг. Хүүгийнх нь цэргүүд аавынхаа цэргүүдэд юу ч үгүй хядуулаад тулаан болсон газар бөөн хүүр л үлддэг. Тэгэхэд яасан гээч, хааны ордноос бөөн хүмүүс гарч ирээд тэр дор нь бүх хүүрийг нэг тийш нь зөөж цус асгарсан талбайг усаар угаан хэдэн түмэн хагарсан ваартай цэцгүүдийг шинээр нь сольж юу ч үгүй урагдсан хивснүүдийг тэр дор нь шинэчилдэг. Гайхалтай эмх цэгцтэйгээр ердөө хэдхэн хоромд л болоод өнгөрөх нь тэр. Энэ тал дээр бол зураглаач, найруулагч маш сайн ажилласан. Надад юу бодогдсон гээч!! 1989 оны Тянь-Ань-Миний талбайд болсон оюутны бослого. 10 гаруй мянган оюутан бослого гаргахад бөөн цэргүүд танктай ирж юу ч үгүй хядаж, газартай тэгшилчихээд өглөө нь хүмүүс очиход дусал ч цус байгаагүй гэдэг.
Саяхны санаа оноонууд