My Colorful World

Яахуу????

Posted by: mulanka on: March 24, 2009

Өчигдөр орой Yahoo мессенжертээ орох гэсэн чинь “Your account has been locked (81003003)” гэдэг бичиг гарч ирээд оруулдаггүй байна шд. Би бүр яахаа мэдэхгүй шоконд орчихсон. Одоо хүртэл шокноосоо гараагүй л байна. Яадаг юм билээ. Энэ талаар мэддэг хүн байвал надад туслаач. Миний хамаг найзууд, гэр бүлийнхэн тэнд л байдаг. Бас ядаж мэйлбокс дотор өчнөөн юмнууд байгаа шд. Балай ийн…

Tags:

Ясны тоглоомчид гэж байх юм аа

Posted by: mulanka on: March 20, 2009

Харин тийн, бүүр нэг яс мах цусандаа тоглоом тоглох авъяас нэвт шингэсэн нэг хэсэг хүмүүс байх юм аа гэж. Гэхдээ би тэдний нэг биш шүү, хэхэ. Өөр хүмүүсийн тухай хальт ярьж мульт магтах гээд л… Хаанаас нь ч эхлэмээр юм бэ дээ. Ерөнхийдөө миний хөзөрт татагдах сэтгэл жил гарангийн өмнөөс л эхтэй. Тэр үед манай найз залуугийн ангийн залуучууд манай ангийнхантай нийлж энд тэнд суудаг, би хааяадаа ангийнхныгаа дагаж явдаг байв. Тэр үеэс л би хүмүүсийг хичнээн их хөзөр тоглодог болохыг мэдэж авсан юм. Би уул нь ердийн масс (дурак ч гэдэг), муушиг, 108 гэх мэтийн тоглоомын ерөнхий дүрмийг гадарладаг, тогловол нэг их муудаа орохгүй байх гэж боддог байсан чинь юу вэ, ангийнхантайгаа нийлээд тоглоод эхэлсэн чинь хөзрөөр тоглож болох хичнээн ч олон тоглоом байдаг юм, тэд нар нь хичнээн ч олон янзын дүрэмтэй юм, дээр нь хүмүүс чинь ямар аймаар тоглодог юм, ангийнхантайгаа нийлж тоглосон анхныхаа өдрөөс би хамгийн муугийн тоонд орж эхлэв ээ хөөрхий. Тэрнээс болсон уу яасан, угаасаа хичээл хийж нетэд суухаас өөрөөр өөрийгөө баясгачих юм надад олддоггүй байснаас ч болсон уу хөзрийн тоглоомнуудад шууд татагдаж эхэллээ. Өмнө нь мэддэг байсан 3хан төрлийн тоглоомон дээрээ нэмээд буур, покер, 501 гэх мэтийн тоглоомнуудыг сурав. Дээр нь нэмээд “Залхуурахгүй бол задлаад үз”, “Идэн тат”, “Бөгс бүдүүн, аваад ир”, “5 дээр нь нэмээд 5-ыг” гэх мэт элдэв хэллэгүүдийг ч овоо сураад авлаа. Тэгсэн ч миний тоглолтын ур чадвар нэг л ахиж өгдөггүй дээ. Угийн юмыг сурахдаа удаан, сэтгэхдээ бас л удаан хүн чинь хамгийн муу тоглоомчин нэр зүүгээд л яваад байх нь тэр. Харин бараг л төрсөн цагаасаа хөзөр атгаж өссөн, хэлд орохдоо ч муушиг гэж бахирах нь холгүй байсан ясны тоглоомчид гэж байдгийг тэр үеэс л мэдэж авав. Тийм хүмүүст чинь хөзрийн бурхан (хэрвээ байдаг бол шүү дээ) цаанаасаа л туслаад байдаг юм уу хаашаа юм гарт нь дандаа модны сайн нь ирнэ. Эсвэл хичнээн муу модтой байсан ч заавал хождог аймаар тоглоомчид гэж байна. Бараг л хожигдох нь уу дээ гэмээр муу тоглоод явж байснаа мөрийтэй тоглоод эхлэнгүүт гэнэт мод нь сэргээд ирдэг тоглоомчид ч байна. Энэ олон янзын мундаг тоглоомчид дундаас би найз залуугаа олоод авсан гэвэл яах уу,хэхэ. Дунд тэнэг эхнэрээ магтдаг юм гэнэ лээ, би яахав тэд нарынх нь тоонд багтаад найз залуугаа жоохоон магтчихъя. Манай найз залуу хөзрийн ямар ч төрлийн тоглоом байсан маш сайн тоглодог, заавал хождог хүн. Сураг сонсохнээ 3 настайгаасаа л хөзөр тоглож сурсан гэсэн. Бодоод байхнээ бид 2-г явж явж хөзөр л холбосон юм шиг байгаан. За тэр яахав тусдаа түүх. Гэснээс эрчүүд хүүхнүүдийг угаасаа тиймэрхүү тоглоомондоо муу гээд тоодоггүй юм байна лээ. Харин манай ангид тэр үзлийг тас цохих нэг охин бий. Хөзрийн ч гэлтгүй бүх төрлийн тоглоомонд авъяастай, гарт нь мод нэг их ирээд байдаггүй ч тоглолтынхоо ур чадвараар бол их дээгүүр байхаар хүн. Манай ангийн аймаар тоглоомчин залуучууд, манай найз залуу хүртэл түүнтэй тоглоно гэхээрээ нэг л айгаад явчихдаг болохыг би анзаарсан. Тэр охин бас л хөзрийн тоглоомон дундаас өөрийнхөө найз залууг олоод авсан даа, заяаны хань зам дээр биш хөзөр тоглож байхад л өөрөө гараад ирдэг бололтой юм аа. За ингээд бүтэн жил галзуу тоглоомчдын дунд байсаар сүүлдээ миний ур чадвар жоохон ч гэсэн нэмэгдээд эхэллээ. Найз залуугаараа овоо заалгасны хүчинд ямар ч тоглоомонд хождоггүй юм аа гэхэд хамгийн түрүүнд гараад байдгаа лав болив. Бас дээр нь мэдэрч тоглох гэж нэг юм сураад авлаа. Ер нь олон хүн нийлж тоглодог тиймэрхүү тоглоомонд олон нийтийн уур амьсгал их нөлөөтэй юм билээ. Бүгд инээлдэж баясаад тоглоод байвал тоглолт их сайхан явагдана. Хэн нэгэн нь л уурлачихвал дагаад тоглолт нэг л онцгүй болчихно. Миний бодлоор тэр нь энергитэй их холбоотой юм шиг. Хүмүүс бие биентэйгээ авцалдаад их аятайхан энерги бүрдүүлээд тоглож байвал за тэгээд болоод явчихна шүү дээ. Өчигдөр би, манай ангийн нөгөө галзуу тоглодог охин бид 2 тус тусынхаа найз залууг дагуулаад нэг найзынхаа караокед очиж арын чимээгүй өрөөнд нь покердэж байсан юм. Тоглолт их сайхан болоод хүн болгон өмнөө дажгүй их хасаа хураачихсан сууж байсан чинь нэг ах утсаар ярих гэж караокенээс нь орж ирснээ “Би ганцхан тоглочих уу” гэлээ. Бид хэд нэг дургүйцсэн ч гуйгаад байхаар нь зөвшөөрчихсөн чинь ёстой баларсан шд. Би лав анхнаасаа мод хувааж байхаас нь л толгой эргээд хаана юу болж байгааг нь ч мэдэх сөхөөгүй, тоглож ч чадахгүй яг ховсдуулчихсан юм шиг нэг л сонин байдалд орчихсон. Тэр ах ганцхан удаа тоглоод л яваад өгсөн боловч тэрнээс хойш хамаг юм буруугаар эргээд эхэлсэн. Тэгээд сүүлд нь тэр тухайгаа нөгөө хэддээ хэлсэн чинь хүн болгонд тийм мэдрэмж төрсөн юм билээ. Тэгэхээр олон нийтийн уур амьсгал, тогтсон энерги гэж нэг юм яах аргагүй байдаг болж таараад байгаа юм даа. Бас би саяхнаас хүмүүсийн мод хуваалтыг ажиглаж эхлээд байгаа юм. Ихэвчлэн муушиг дээр. Миний бодлоор бас л энергитэй холбоотой юм шиг ээ. Жишээ нь манай найз залуу мод хувааж байгаа үед надад гарт маш сайн мод ирдэг болохыг би анзаарсан. Тэр үед модоо харалгүй “Харанхуй” гээд бахирахад ч буруудахгүй, хэзээ ч унадаггүй. Гэтэл би болохоор хамаг сайн модоо яг доор сууж байгаа хүндээ хуваачихаад өөртөө их л сайндаа 10 юм уу 9, тэгээд 7, 8-с дээшээ хуваахгүй. Манай ангийн тоглоомчин охин, бас нэг сайн тоглоомчин залуу 2 надад мод их сайн хуваадаг, өөрсөддөө ч мод их сайн авдаг. Гэтэл тэр охины найз залуу надад ёстой юу ч өгдөггүй. Ихэвчлэн гарт ганц ширхэг гайгүй мод өгөөд хүн хуурчихна. Газарт юм байгаа байх гээд давхиад орчихоор би заавал шатна. Тэрнийг нь анзааралгүй би мөн ч олон удаа шатсан даа. Тэр залуу ер нь мод хуваахдаа хэнд ч олигтой юм өгдөггүй, өөртөө л хуваадаг юм билээ. Саяхан санаандгүй Д.Энхболдын “Казиног номхотгосон түүх” номыг уншиж байгаад яг энэ тухай олж уншсан. Тэгэхээр ерөнхийдөө миний таамаглалууд зөв болж таараад байгаа юм даа. Хэрвээ сайн мэддэг тоглоомчидтойгоо тоглоод гартаа мод хэр хуваадгийг нь, тэр өдрийнх нь ааш занг мэддэг болчихвол ямар ч тоглоомонд хожих боломж байдаг гэдгийг ч би мэддэг болсон. Угаасаа хөзрийн тоглоомнууд Магадлал+Сэтгэхүй+Мэдрэмжийн тоглоомнууд. Анхнаасаа л хожно гэсэн зорилготой орсон хүнд мод ч сайн ирдэг юм шиг. Бас өөрөө өөдрөг байхгүй бол хожигдсондоо нэг л гутарчих юм бол тэрнээс хойш нэг ч өөдтэй мод ирэхгүй шүү дээ. За за миний энэ яриа ясны тоглоомчдын инээдийг нь хүргээд байгаа байх, ингэсгээд өндөрлөе. Төгсгөлийн оронд хальт сонирхуулахад өчигдрийн тоглоомонд манай найз залуу 100 ч төгрөггүй явж ороод 4800 төгрөгтэй гарсан, харин би 800 төгрөг хожоод 300 төгрөг алдсан,хэхэ. Орой 5 болж байхад очсон хүмүүс чинь шөнийн 2.30д гарсан шд.

Цуглуулга

Posted by: mulanka on: March 6, 2009

1. Сайн уу хүмүүсээ,сайхан шинэлцгээв үү. Айл их хэсч алт мөнгө их цуглуулсан уу??? Муланка нь яахав цагаан сараар гэртээ түргэн хоолны тогооч хийгээл юун айл хэсэх. Ганц хоёр айлаар ороод л гүйцээ. Угаасаа айл хэсэх дур ч хүрээгүй. Бага байхдаа айл хэсэх яасан их дуртай байсан юм бэ нээрээ. Битүүний орой хамгийн гоё хувцсаа цуглуулаад шинийн нэгэн бушуухан болоосой гэсэндээ нойр ч хүрдэггүй байж билээ, тэгсэн чинь одоо гэрээсээ гарна гэхээс дургүй хүрдэг болчихжээ. Бодвол том болоод байгаа юм байлгүй.

2. Шинийн 3нд манай ээж хамт ажилладаг багш нараа дагуулж ирэв ээ. Тэгээд ээж “Энэ манай бага охин шд ээ” гэсэн чинь нөгөө багш нар нь ам амандаа дуу авалцаад л “Хүүе ээ, багшийг төгсөх курсийн оюутан охинтой гэж дуулсан юм сан, ийм жоохон хүүхэд байсан юм уу” гэж авч байна. Ээж тэгсэн “Гүй гүй энэ манай төгсөх охин мөн” гэсэн чинь “Арай үгүй байлгүй дээ. Энэ охин чинь 7,8-р ангийн охин шиг л харагдаад байна шд ээ” гэж авдаг байгаа. Жоохон хүүхэд гэж дуудуулаад баярлах уу яах вэ,хэхэ.

3. Өчигдөр эгчийнхээ 1 настай хөөрхөн маамууг бүтэн өдөржин харав. Ёстой жинхэнэ үймээний эзэн гэж…Байнга л харж,араас нь дагаж байхгүй бол юм юм руу авираад хүн сандраагаад хаячихна. Өглөө ээж нь “Наад хүүхэд чинь юм юм руу авирч гараад байгаа юм, унагачихав аа” гэж захисан болохоор ч тэрүү нэг л айгаад араас нь баахан дагалаа. Тэгээд нэг юм руу авирангуут нь л “Миний дүү болохгүй шүү” гээд л буулгаад байв. Нэг завандаа хэдэн бууз жигнэх санаатай гал тогоотой зууралдаж, манай бацаан ч тэр хавиар дуу нь гараад л түчигнүүлж өгч байна аа. Тэгснээ гэнэт чимээгүй болчихоор нь араас нь яваад очсон чинь ээжийнхээ ажлын ширээн дээр авираад гарчихсан тууж явдаг байгаа. Тэр өрөөнд өөр түшиж тулах юм байхгүй, ердөө л нэг офисын сандал ширээ 2. Би ч ухаан алдатлаа айгаад хойноос нь харайлгаснаа гэнэт таг болов. Ганц метр ч хүрэхгүй энэ нялх хүүхэд яаж энэ өндөрт гарав аа гээд айхаасаа илүү гайхан ард нь ойрхон зогсоод хараад байлаа. Тэгсэн чинь яасан гэж санана. Ширээн дээгүүр таваргаж байснаа уйдсан бололтой буухдаа сууж байгаад бөгсөөрөө аажуухан гулгасаар байгаад ширээнээс эвтэйхэн бууж сандал дээр 2 хөлөөрөө буучих юм. Тэгээд дахиад аажуухан бөгсөөрөө гулгасаар байгаад сандалнаасаа буучихлаа.  Гэхдээ яг газарт хөл нь хүрэхгүй болохоор гараараа суудалнаас нь зуурч байгаад хөлөө унжуулж байгаад гараа тавиад пад гээд зөөлхөөн буучихав. Би саваагүйтээд дүүгээ сандалны хажууд зогсоосон чинь гараа өргөөд өргөөд сандалны ирмэгт хүрэх шинж алга. Ширээ рүү бол сандалнаас ойрхон гэж бодоход тэр сандлан дээр яаж гарав аа??? Яаж ч матийгаад хүрэхгүй сандал байсан даа.

3. Тэднийхээс гараад автобусны буудал руу алхаж явтал ард “Хөөе охион” гээд л 2 эрэгтэй хүүхдийн дуу гараад байна аа. Миний урд явж байгаа жоохон охиныг дуудаж байгаа юм байх гээд тоосон ч үгүй алхаж байсан чинь “Хөөе цэнхэр малгайтай хар цүнхтэй охион” гээд л дуудаад байх юм. (Тэр нь би, урд явж байсан жоохон охин цагаан цүнхтэй, малгайгүй явж байсан). Би бүр гайхаад эргээд харсан чинь 14,15 л болов уу гэмээр хоёр банди “Танилцах уу охион, утсаа өгчих” гэж авсан гэжуугаа. Эгч 10 жилд ч байхдаа үзээгүй юмаа үзэж гудамжинд дүү бацаануудтай танилцах дөхөв.

4. Бас л өчигдөр. Хөвгүүдийн танилцах оролдлогыг эгч тас няцаагаад автобусанд суусан хойноо гэнэт дэлгүүр хэсэх ногоон дон хөдлөв. Яагаад ногоон гэхээр би нэг номон дээрээс өөрийнхөө аурагийн өнгийг тодорхойлсон чинь минийх ногоон гэсэн. Би уул нь өөрийнхөө аураг одоо энэ бичиж байгаа шиг нил ягаан гэж боддог байлаа л даа, тэгсэн чинь үгүй юм гэнэ ээ. БИ НОГООН хэхэ. Тэгээд ногоон дон хөдлөөд байхаар нь 4 замд байдаг нэг дэлгүүрээр ороод ном авах гэж баахан эргэлдсэн боловч санаанд таарах ном харагдсангүй. Тэгснээ гэнэт өөртөө уур хүрэв. Би гэдэг хүн чинь ном гэхээр ухаан алдчихдаг, энд тэнд сонин содон шинэ ном гарвал матийж байгаад авчихдаг болохоос бусад үеийнхээ охид шиг ээмэг зүүлт, хувцас хунар гээд байдаггүй болохоор үеийн охидоос тэр тал дээр хол дутуу. Тийм болохоор гэнэт өөртөө жоохон ч гэсэн зоригтой өөрчлөлт хийхээр шийдээд номын дэлгүүрээс гарч баахан ээмэг зүүлттэй дэлгүүр лүү орчихлоо. Тэгээд эргэлдэж эргэлдэж дунд зэргийн 2 ном авах үнээр өөртөө нэг ээмэг, 2 хавчаар авсан. Ямрав дээ,хих.

5. Тэндээс гараад 4 замын нэгнээр нь зам гарах гэж байтал “Алив миний хүү 2уулаа хамт зам гарья” гээд нэг эмээ ирэв. Би ч тэр эмээгээр сугадуулаад ногоон гэрэл асахыг хүлээх санаатай зогссон чинь юу вэ нөгөө эмээ чинь юу юугүй баахан машин дундуур дайрдаг байгаа. Би ч гэсэн тэгж дайрдаг л даа, гэхдээ арай ч тэгж эрчээрээ яваан бөөн машинууд дундуур зоригтой дайрдаггүй. Эмээ харин айсан шинж алга, зах дээр яваа юм шиг сүлжээд сүлжээд гарч байна гэвэл яах уу. Тэр хооронд Муланкагийнх нь зүрх зогсох шахсан. Ээ дээ манай энэ агуу дайчин, зоригт өвөг дээдсүүд үү.

6. Өнөөдөр Анагаахад сурдаг нэг найзтайгаа уулзаж амаа цууртал хөөрөлдлөө. Тэгсэн Анагаахын оюутнууд дунд “Оюутны синдром” гэж нэг өвчин бололтой эд байдаг гэнээ. Тэр нь яадаг вэ гэхээр оюутан хичээл дээр ямар нэгэн өвчний тухай үзээд эхлэнгүүт бүх шинж тэмдэг нь өөрт нь байгаа юм шиг санагдаад яг тэр өвчнөөр өвчилчихсөн гээд өөрөө бүр бат нот итгээд эхэлдэг гэнэ. Энэ нь ганц нэг оюутанд ч биш бүр маш олон оюутанд илэрдэг гэнээ. Тэгээд л “Оюутны синдром” гэж бүр тусад нь нэрлэсэн юм байх. Би ч тэд нараас юугаараа дутахав дээ. Нэг удаа дотрын өвчний тухай нэг ном уншсан чинь доошоо харж хэвтэхэд тааламжтай байдаг, баруун, зүүн гар заримдаа янгинаж өвддөг, хавирган доогуур хатгуулдаг энэ тэр гээд бүгд биш ч гэсэн нилээн хэдэн шинж тэмдэг таараад эгч тэр дороо элэг, зүрх, цөс, дэлүүний үрэвсэлтэй гээд өөртөө онош тавьчих дөхсий шд,хаха. Би “Оюутны синдром”-той байх аа.

6. Зөө өөр сонин алгоо. Муланка нь дипломоо бичээд жоохон завгүй талдаа. Дараачийн Пүрэв гаригт эхний үзлэгтэй. Надад амжилт хүсээрэй эрхэм блогчид оо.


Цагаан сар????

Posted by: mulanka on: February 6, 2009

Хүүшээ хүмүүсээ энэ цагаан сар чинь яг хэзээ болох гээд байгаа юм бэ??? Эсвэл болчихсон юм уу??? Уржигдар шөнө ингэхэд сар яг ямар байсныг харсан хүн байна уу? Уржигдар ээж бид 2-г таксинд явж байсан чинь жолооч нь “Өнөө шөнө сар бүтэн гарах юм бол нөгөө Дашцэрэнгийн хэлсэн нь үнэн болж цагаан сар 1 сарын 26нд болсон гэнэ. Хэрэв үгүй бол Төгсбуянтын зурхай үнэн гэнэ” гэсэн. Тэр орой нь сар харахаа мартчихсан болохоор өчигдөр орой гэнэт санаад сар олж харах гэсэн боловч утаат хар тэнгэрээс юу ч олж харж чадаагүй.

Өнөөдөр бол гадаа аль хэдийн хавар болчихсон байна шд. Би бүр нэхий дээлээ даахгүй, хүрэх гэж золтой л мааниа уншчихсангүй. Маргааш манайх буузаа хийнэ. Энэ маягаараа юун бууз хөлдөх, мах гурилаараа ялгарах байх даа. Уул нь бууз хөлдөх цаг дуусаад л цагаан сар болдог гэж нөгөө Дашцэрэн гуай яриад байх шиг байсан. Хэрвээ тэр үнэн бол цагаан сар болоод өнгөрчихсөн байх нь ээ???

Гэхдээ миний бодлоор бол цагаан сар хэзээ болох нь тийм ч хамаатай биш ч юм шиг. Уул нь бол Чингис хааны үед цагаан сарыг халуун намраар тэмдэглэдэг байсан гээ биз дээ. Гэтэл шар, улааны шашны нөлөөгөөр шууд өвлийг алгасаад хавар болдог болчихсон. Хэрвээ лам нарын ярьдаг “Хатуу өвлийг давж урин хавартай золгосны баяр” гэдэг нь үнэн юм бол манай их өвөг дээдэс “Халуун зуныг давж элбэг баян намартай золгосны баяр” гэж тэмдэглэдэг байсан болов уу??? За за ер нь цагаан сар хэзээ болох нь надад лав чухал биш, харин яаж буузаа хөлдөөнө өө???

20000

Posted by: mulanka on: January 27, 2009

Урт байна гээд залхалгүй заавал дуустал нь уншаад өөрийн бодлоо хэлээрэй за. Над шиг азгүй хүнд тохиолддоггүй том азын тухай.
Миний түрийвч аль түрүү хавар урагдцан. Тэгээд би найз залуугаасаа надад түрийвч аваад өгөөч гэж өчнөөн гуйсан чинь ерөөсөө авч өгөхгүй байсаар байгаад он гаргацан. Уул нь би өөрөө мөнгөтэй байсан бол ингэж гуйлга гуйж гутлынхаа хоншоорыг долоохгүй л дээ, даанч оюутан хүнд чинь мөнгө гэдэг эд олдохгүй юмны нэг юм байна шд. Тэгээд л би арга ядаад өчигдөр дүүгээсээ хуучин түрийвч байвал өгөөч гээд гуйсан байхгүй юу. Тэгээд манай дүү надад нэг уранхай /бас л уранхай, гэхдээ тэр нь мэдэгддэггүй/ түрийвчээ өгөөд би тэрийг нь үзсэн ч юмгүй цүнх рүүгээ аваад шидцийн. Өнөө өглөө сургууль явах гээд цүнхээ нээгээд гэнэт түрийвчтэй болсноо санаад хэдэн нэрийн хуудас, үнэмлэх, картнуудаа энд тэнд нь хийв ээ.

:ОДОО ХАМГИЙН ГОЁ ХЭСЭГ НЬ:

Тэгсэн чинь…тэгсэн чинь…тэгсэн чинь яасан гээ???? Нэг хавтсанд нь нугалчихсан 20000 төгрөг байсан!!!!!!!!!!! Би эхлээд лаг сонин шоконд ороод… Дараа нь баярлаад… тэгээд айсан. Тэр лаг дэвсгэртийг нь сургалтын төлбөрөө тушаахдаа л хэдэн удаа барьж байсан….гэх нь ч юу ийн. Гэхдээ л би ер нь бол нэг их мөнгөтэй болоод байдаггүй, дээр нь тийм их мөнгө надад хэзээ ч зүгээр орж ирж байгаагүй болохоор ёстой сонин болчихсон. Би ер нь мөнгө төгрөг, мөнгө төгрөг ч гэхгүй ерөөсөө л юм олоод байдаггүй, тэр тал дээр ёстой азгүйчүүдийн нэг. Дээд тал нь нэг л удаа Багшийн дээд дээр явж байгаад нэг охин таксинаас буухдаа мөнгө унагахаар нь аваад үзсэн чинь 550 төгрөг байсан. Тэгээд л гүйцээ. Бусад үед бол мөнгөтэй болох юмсан гээд л мөрөөдөөд явж байдаг, тэгээд хааяадаа л нэг 2,3 жилдээ нэг удаа ч юм уу ганц 2 ширхэг 100-тын дэвсгэрт олдог. Тийм болохоор нэг дор 5 биш, 10 биш, бүр 20000 төгрөг олохоор сэхээнд хэвтэж нашатыр үнэрлэхээс наагуур юм болж байгаа юм чинь. Ер нь хоосон хүнийг гэнэт баяжуулахаар тэр хүн нь солиордог юм гэнэ лээ. Гэнэт олдсон алт гэдсэн цөвтэй гэж тэрийг хэлдэг юм байлгүй.
Сэхээ ороод жаахан бодлоо. Миний зүүн мөрөн дээр сууж явдаг “Шунал” нэрт чөтгөр “Наадахаа ав. Тэртэй тэргүй дүү чинь хоосон гэж бодоод л хуучин түрийвчээ өгсөн. Юу боллоо гэж ийм их мөнгөө хуучин түрийвчиндээ хийгээд мартчихсан байдаг юм.” гэж байна. Тэгсэн баруун мөрөн дээр сууж байдаг “Хүн чанар” нэртэй бурхан “Юу гэсэн үг юм. 13хан настай дүүгийн чинь мөнгө. Наадахаар чинь юу ч авах байсан юм билээ. Аягүй бол гэрийнхээ гал тогоог хариуцдаг юм чинь наад мөнгөөр чинь гэртээ хоол авах байсан ч юм билүү” гэж байна. Би ч ухасхийн босч утсаа шүүрч авах гэснээ зогтусав. “Шунал” маань “Чи чинь яасан тэнэг хог вэ??? Өмнө нь бас яалаа, номны завсар хавчуулсан 5000 төгрөгөө мэдэлгүй ах чинь номыг чинь өгөхөд чи нээж үзээд тэр мөнгийг нь өгчихсөн. Ах чинь өөрөө ч мэдээгүй байсан биз дээ. Гудамжинд явж байсан хүүхэн түрийвчээ унагахад араас нь дуудаж байгаад бүр хойноос нь гүйцэж очоод түрийвчийг нь өгсөн. Тэрэн дотор нь 150 мянган төгрөг байсан шд. Тийм том шар тосыг хэлээрээ түлхсэндээ чи бид 2 дараа нь харамсаад бараагүй биз дээ. Чи бод, наад мөнгөөрөө юу юу авч болно гээч. Бүтэн сар хоолны мөнгөнөөсөө хасан байж цуглуулж Аптаун авах мөнгө. Цаана нь үлдсэн мөнгөөр нь өөртөө хичнээн юм авч болно гээ. Ядаж л наад эмтэрсэн шүдээ эмнэлэгт үзүүлж эм авах мөнгө шд.” гэж байна. Би өөдөөс нь “Тэгээд дүү гэнэт санаад надаас энэ мөнгөө нэхвэл би яах юм” гэсэн чинь харин “Тас мэлзэхгүй юу, тийм юм байгаагүй гээд. Ер нь тэгээд тийм юм гэж юу байсан юм. Ямар нь хуучин түрийвчиндээ хорин мянгат хийчээд байж байдаг юм” гэлээ. Тэгсэн чинь хажуунаас “Хүн чанар” гуай “Муланка минь, чи яаж наадахынхаа үгэнд орж чадаж байна аа. Чиний 13хан настай дүү шд ээ. Дүү чинь одоо хайгаад сүйд болж байвал яана. Хичнээн чухал юм авах ч байсан юм билээ. Аав ээж 2 нь нойр хоолоо хасан байж олсон мөнгийг чи ингээд зүгээр үрэх хэрэг үү?? Бушуухан утаст” гэв. Гэтэл гэнэт “Шунал” гуайгийн ааш нь зөөлөрч “За за нээрээ тийм ч юм билүү, үгүй ч юм билүү. Чи ер нь наад мөнгөө хэд хоног түрийвчиндээ хийгээд явж бай. Юмыг яаж мэдэхэв, дүү чинь санахгүй бол тэгж байгаад л үрнэ биз. Чамд үргэлж ийм их мөнгө өөрөө гүйгээд ороод ирэхгүй шүү. Дандаа сайхан сэтгэл гаргаад өөрөө хоосон үлдэж байгаа амьтан чамаас өөр хэн байна” гэх нь тэр. Би нь яахав дээ, үгэнд нь ороод түрийвчиндээ нөгөө мөнгийг нь хийж орхисон. Хэрэв дүү утасдаад нэхвэл өгнө, нэхэхгүй бол тэр чигээрээ минийх гэж бодоод л. Харин “Хүн чанар” гуай санаа алдаж толгойгоо сэгсрээд баруун мөрөн дээр буцаад суучихсан.

Ингээд энэ тухайгаа хэнд ч хэлэлгүй өөртөө нуугаад гэрээсээ гарав аа. Үргэлж шахуу хоосон байдаг түрийвч маань их л хүнд оргиод бушуухан гэртээ ороод дүү рүүгээ утасдмаар ч юм шиг санагдаад нэг л явж өгдөггүй. Эцэст нь шунал маань дийлж автобусны буудал орлоо. Автобусанд суулаа. Өмнө нь бол “Ухаад ухаад авах юм байхгүй юм чинь” гээд бараг л онгорхой орхиод автобус руу гүйдэг байсан хүн чинь энэ удаа цүнхээ тас тэврээд хүн хүн рүү хялалзан байж автобусанд суув. Кондукторт мөнгөө өгөх гэсэн биш бүр салгалаад хоёрын хооронд  харамч хүүхнээрээ дуудуулж загнуулж орхилоо. “Гурван халтар зуут өгөх гэж юундаа татганаад байгаа юм. Суусан л бол төлнө биз дээ харамч хүүхэн гуай.” гээд кондуктор эгчийн ааштайг ээ.

Ингээд л сургуулийн хаалгаар ороод гарах хүртлээ цүнхээ тас тэвэрч явав. Хүн болгон цүнхэнд гар хүрэх гээд байгаа ч юм шиг ямар ч зовлонтой юм бэ дээ. Алдах юмгүй хүн л юуг ч харамладаггүй гэдэг үг дэндүү үнэнийг яана аа.

Сургуулиас гараад товлосон үзлэгтээ орохоор эмнэлэг зорилоо. Эмч намайг үзэж байснаа “Миний охин ер нь ЭХО-д харуулж зургаа авхуулчихаад ир. Тэгээд тогтсон эмчилгээ бичиж өгье” гэлээ. Би кассан дээр нь очоод “ЭХО” гэж хэлээд бичүүлсэн хойноо үнийг нь асуусан чинь өөдөөс 10000 төгрөг гэдэг байгаа. Нэгэнт бичүүлчихсэн хойно төлөхөөс өөр арга байсангүй, өнөө 20000-г өгөхөөс өөр сонголт үлдсэнгүй.

Одоо яая гэхэв, эрүүл мэнд гэдэг дэндүү үнэтэй хойно. Харин дүүг асуувал юу гэж хэлнэ ээ гэж бодсоор би гэртээ харилаа.

Өнөөдөр хэдэн бэ?

February 2010
M T W T F S S
« Mar    
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Ангилал

Watch videos at Vodpod and other videos from this collection.

Та миний ертөнцийн хэд дэх зочин гээч?

  • 18,446 hits

Хамгийн их үзсэн...

  • None